Би муу хүн шүү хайрт минь
ЧАМ ШИГ НЭГНЭЭС хайрын нулимсанд бэх нь урсчихсан нандин захиа авчихаад чангаар зарлан уншиж, хэнэг ч үгүй, хариу ч үгүй хагацал болгон даажигнаж өрөөсөн далавч нь богинохон онгоц хийгээд нисгэчихсэн, би муу хүн шүү хайрт минь
ЧАМ ШИГ НЭГНИЙ задарчихвий гэж айхдаа зориг муутайхан түгдчиж, арга ядан ганцаардахдаа итгэл тавин хэлсэн үгсийг, өрөөл нэгэнд тоомжиргүйхэн ярьчихаад өөрийгөө сүүлд нь өмөөрч явсан, би муу хүн шүү
ЗӨРЖ ӨНГӨРӨХ ЗАРИМЫН нүдэнд “танихгүй, тааламжгүй эсвэл бүр этгээд сонин”, тамхины үнэр минь муухай, таахалзаж алхдаг их зантай, юу ч мэдэхгүйн хэнхэг, ер нь оршдоггүй хоосон, би тийм эрхэм биш шүү
САЯХАН ОРСОН ЦАСЫГ хайргүй гишиглэн хөөрцөглөх олныг хараад баясал биш гуниг тодорч, тэгж сондгойрохдоо чамайг ч үлдээгээд тэнгэр өөд цас болж буухсан гэж санагдсан, тэгэхэд би амиа бодсон шүү хайрт минь
Би муу хүн шүү